Солонгос улсаас ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс Солонгос улсаас Сөүл-Иркутск чиглэлийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн S7 6302 рейсийн нислэгээр Оросын холбооны улсад ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг 2020 оны 02 сарын 27-ны өдөр эх оронд нь шилжүүлэн авч ирлээ. Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 11:00 цагт Алтанбулаг боомтоор орж ирсэн дээрх 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй 3 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, тэдгээр иргэдтэй хамт ирсэн 8 иргэн, тээврийн жолооч-1, зоонозын өвчин судлалын төвийн эмч-1, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.